МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

2019 оны 02 сарын 18

Хүн өдөр тутамдаа сонголттой таардаг. Хэдэн цагаас босох, юу өмсөх, юу идэх, хэнд юу хэлэх вэ? гээд сонголт хийж, шийдвэр гаргах үйл явц алхам тутамд тулгардаг. Энэ үед бид алдахад сургамж болж, оноход баяр баясал болох олон шийдвэрийг янз бүрийн үндэслэлээр гаргадаг. Үүнээс амьдралд санамсаргүй хийж болохгүй, алдаж болохгүй, мартагдахгүй, цаашид үргэлж нөлөөллөө хадгалдаг, нухацтай гаргах сонголтууд тохиолддог. Түүний нэг нь МЭРГЭЖЛЭЭ СОНГОХ. Энэ бол анхны бөгөөд хариуцлагатай хийх сонголт.

          Мэргэжлээ сонгосноор хаана ямар сургуульд сурч, ямар мэдлэг олж авах, хэр зэрэг ямар төрлийн мэдлэг, чадвар хуримтлуулах, дараа нь ямар газар ажиллаж, хэнтэй танилцаж, өөрийгөө хөгжүүлэх, нээх, өөрийгөө хэн болохыг бусдад хэрхэн харуулах вэ? гээд тухайн хүний цаашдын магадгүй насан туршийн амьдралтай холбоотой бүхий л асуудлууд хамаарна.

МЭРГЭЖЛЭЭ БУРУУ СОНГОВОЛ:

-      Эдийн засгийн гарз

-      Цаг хугацааны хохирол

-      Сэтгэл ханамжгүй амьдрал

-      Өөртөө итгэлгүй болох, амьдралдаа эргэлзэх... гэх мэт

МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОВОЛ:

-      Цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлт

-      Боломж, бодит байдлын зөв хослол

-      Ажлын бүтээмж, бүтээмжид суурилсан амжилт

-      Амьдралын боломж, бололцооны бодит өсөлт... гэх мэт давуу талуудтай.

Бид амьдрал дээр мэргэжлээ зөв сонгохын ашиг тусыг маш сайн мэднэ. Гэвч хэрхэн зөв сонгохоо, өөрийн сонголт зөв байна уу, үгүй юу? гэдгээ тэр бүр мэддэггүй. Мэргэжлээ зөв сонгосон эсэхээ мэдэхийн тулд эсвэл зөв сонгохын тулд хамгийн эхлээд “Би хэн бэ?” гэдэгт хариулах хэрэгтэй. Учир нь энэ таны амьдрал, та гол дүр нь таны сонголтоор энэ бүхэн шийдэгдэнэ.

Өсвөр насны хүүхэд залуусын хувьд амжилттай яваа хэн нэгнийг даган дуурайх зуршилтай байдаг. Үлгэр дуурайлал авах нь зөв боловч даган дуурайх нь заримдаа биднийг өөрсдөөс маань төөрүүлж орхидог. Ийм мэргэжилтэй хүмүүс амжилттай байж, нийгэмд нэр хүндтэй, сайхан амьдарч байна гэж хардаг. Тэдгээр хүмүүс бол өөрт тохирсон мэргэжлээ зөв сонгож, зөв цагт зөв зүйл хийж яваа хүмүүс юм. Тэдгээр хүмүүсийн арга барилаас үлгэр дуурайлал авахаас биш мэргэжил, амьдралыг даган дуурайж болохгүй юм. Учир нь та бол цор ганц. Та өөрт тохирсон мэргэжлээ зөв сонгож, ажил хөдөлмөртөө дурлаж, түүнийгээ чин сэтгэлээсээ хийж чадах юм бол яг л тэдэн шиг амжилттай, аз жаргалтай байж чадна. Гэхдээ хамгийн чухал нь өөрийнхөөрөө...

          Би хэн бэ?

Үүнд бие, сэтгэл зүйн онцлогийг хамааруулна. Бие махбодийн онцлог нь ойлгомжтой. Харин сэтгэл зүйн онцлог гэдэгт оюун ухааны онцлог, хурд, хүч, тэнцвэр, зан чанар, сэтгэцийн процессын хөгжил, сэтгэл хөдлөл, мэдрэмж, авъяас, чиг хандлага гээд маш олон зүйлийг хамааруулдаг. Эдгээр олон хүчин зүйл нь тухайн мэргэжилд тохирох, үл тохирох шинжийг агуулдаг байна. Сэтгэл зүйн чанараараа бүх мэргэжилд тохирох, бүх мэргэжлийг амжилттай эзэмшиж чадах хүн гэж байдаггүй. Харин тодорхой хэмжээгээр хүний сэтгэл зүйд тавих шаардлагаараа төстэй мэргэжлүүд бий. Хөдөлмөрийг өндөр чанар бүтээмжтэй, дээд зэргийн сэтгэл ханамжтай хийх бие хүний шинж чанаруудыг мэргэжилд тохирохуй гэнэ. Мэргэжилд тохирох байдал нь хоёр янз байдаг.

-      Бүрэн тохирохуй: Хүний сэтгэц, физиологид хатуу шаардлага тавьдаг, тусгай сонгогдсон хүн хийх ёстой мэргэжил. Жишээ нь: сансрын нисгэгч, балетчин...

-      Харьцангуй тохирохуй: Дурын эрүүл хүн хийж гүйцэтгэж чадах мэргэжил.

Хүн ажилдаа тохирох эсэхийг тодорхойлохдоо дараах үзүүлэлтүүдийг харгалзана. Үүнд:

1.   Бие, физиологийн хүчин зүйлүүд

2.   Сэтгэл зүйн хүчин зүйлүүд

3.   Ажиллах явцад илрэх сэтгэл зүйн хүчин зүйлүүд

Энэ мэргэжил ямар вэ? Энэ судалгааг хийхдээ дараах асуудлуудыг хөндөх хэрэгтэй.

·        Тухайн мэргэжлийн онцлог юу вэ?

·        Тухайн мэргэжлийн эерэг болон сөрөг талууд

·        Ажиллах орчин ямар вэ?

·        Энэ мэргэжлийг эзэмших хугацаа хэр урт вэ?

·        Мэргэжлээрээ дэвших боломж бий юу?

·        Тухайн мэргэжлийн ажлын байрны нөөц \Нийгмийн хэрэгцээ шаардлага, илүүдэл, дутагдал, хаана ажиллах зэрэг\

·        Тухайн мэргэжлийн орлого

·        Энэ мэргэжлийг эзэмшиж, цаашдаа ажиллах авъяас, сонирхол, хүсэл байна уу?

·        Уг мэргэжлээр ажиллахад шаардлагатай бие махбодь, сэтгэл зүйн онцлог надад байна уу?

Дээрх асуудлуудыг судлахад цаг зав бага, магадгүй арга зүйн хувьд дутагдалтай байгаа бол нэгтгэн хийж болно. Бид эрэлттэй мэргэжил гэдгийг одоогийн эрэлтээр тодорхойлох учир дутагдалтай. Харин ирээдүйд 5-7 жилийн дараа эрэлт ямар байх вэ гэдгийг судлах хэрэгтэй. Ингэхийн тулд магадгүй нийгэм, эдийн засгийн чиг хандлагыг судалж үзэх ёстой болно. Энэ тухай судалгаа хийсэн мэргэжилтнүүдийн ажлын үр дүн, нийтлэл, яриа зэрэгт анхаарлаа хандуулах нь илүү зөв болно. Харин та элдэв цуу яриа болон хэн нэгний ятгалгад бүү автаарай.

Танд амжилт хүсье.  

Эх сурвалж: www.eec.mn


Share: